Хил хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны  хооронд  “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяныг эхлүүлсэн юм.

Энэхүү  аяны хүрээнд нийт 58 төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн ба уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран ХИЛ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-ийг  зохион байгууллаа.

Зөвлөгөөний зорилго нь Улсын хил дээр үйл ажиллагаа явуулж буй хил хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, Улсын хил дээр мөрдөгдөх Монгол улсын хууль, дүрэм журмын хэрэгжилтийг сахиулан хангуулах ажээ.

Тус зөвлөгөөний үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож  хил хяналтын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа цаашид анхаарах асуудлын талаар хил хяналтын байгууллагын удирдлагуудын зүгээс тавьсан саналыг сонсож, зарим тулгамдаад байгаа шилэн кабел татах, хилийн зурвас дагуу олон улсын жишигт нийцсэн тор хаалт барьж, босгох зэрэг асуудлуудыг бодлогоороо дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай ЗГ-ын 258 дугаар тогтоол, 01 тоот албан даалгаврын хэрэгжилтэнд анхаарч хилийн боомт дахь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэж, харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журмыг сайжруулах, авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хуулиа дээдэлсэн хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн Хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ард түмний аж байдлыг дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын “Кос-агач” Монгол улсын Баян-Өлгий аймаг хооронд “Үзэсгэлэнт худалдааг” тогтмол зохион байгуулж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахыг санал болголоо.