Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэстэй хамтран аймгийн 13 сумын болон 96 багийн Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагууд буюу багийн Засаг дарга нар голлох үүрэгтэй ажилладаг. Иймээс багийн Засаг дарга нарын ажлын ур чадварыг дээшлүүлэх, хөдөөгийн иргэд малчдад төрийн үйлчилгээг шаардлагын өндөр түвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлэх, Монгол Улсын Засгийн газар, аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэх, хууль тогтоомж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг мөрдлөгө болгон ажиллах, Статистик тоон мэдээллийг үнэн зөв гаргахад нь арга зүйн зөвлөгөө өгөх үүднээс тус сургалтыг зохион байгуулсан юм.
Мөн тус сургалтанд хамрагдсан 96 багийн Засаг дарга нарт тус бүр статистикийн мэдээллийн сантай холбоотой тусгай зориулалтын программ суулгасан Dell маркийн зөөврийн компьютер олголоо.
Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген нар оролцож төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай ЗГ-ын 01 тоот албан даалгавар, 258 дугаар тогтоолыг мөрдлөг болгон, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэж, хуулиа дээдлэн, хариуцлагатай, статистик тоон мэдээллийг үнэн зөв гаргаж санаачлагатай ажиллахыг тус тус үүрэг болголоо.