УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы санаачилгаар Өлгий сумын 3,13 дугаар багуудын нутаг дэвсгэрт шинээр баригдах 350 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих ёслол боллоо.
Уг цогцолбор барилга Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ирэх онд ашиглалтад орох аж.
Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, БСУГ-ын дарга Х.Зауре, Агайын ХХК-ны захирал Б.Жирен болон иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Тэрбээр нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлэхдээ: “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт чиглэсэн олон ажлууд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд бид Улсын их хурлын гишүүдтэй хамтран боловсролын чанар, сурагчдын ая тухтай суралцах орчныг сайжруулах зорилгоор олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ жил гэхэд 4 сургууль, дотуур байр, 10 цэцэрлэг баригдахаар ажлаа эхлүүлээд байна. Хүн амын төвлөрөл ихтэй, 4500 гаруй иргэн оршин суудаг 3,13 багуудын нутаг дэвсгэрт баригдаж байгаа энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орвол иргэдийн зарим нь ажлын байртай болж, сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд бүрэн хамрагдах боломж бүрдэнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Үүний дараагаар нь “Агайын” ХХК-ны захирал Б.Жирен үг хэлж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, орчин үеийн стандартад нийцүүлэн, хугацаандаа багтааж ашиглалтанд хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн юм.