10-12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц

Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн технологич, инженер Ч.Сарантуяагаас арав, арваннэг, арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байхыг тодруулснаа хүргэж байна.

АРАВДУГААР САРД
Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсэг, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсэг, Увсын ихэнх нутаг болон Архангай, Булган, Сэлэнгийн хойд хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн ихэнх нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг ахиу хур тунадас, цас орох төлөвтэй байгаа.

Бусад нутгаар бол олон жилийн дунджийн хэмжээнд, гэхдээ Алтайн өвөр нутаг буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас багавтар хур тунадастай байх төлөвтэй байна.

Олон жилийн дунджаар Хангайн болон уулархаг нутгаар 10-12 мм, Говийн бүсэд 4 мм хүртэл, тал хээрийн бүс нутагт 6-10 мм хур тунадас ордог.
Температурын хувьд аравдугаар сард өндөр уулархаг нутагтаа 0-5 хүйтэн, говийн бүсэд 4-9 градус дулаан, тал хээрийн нутагтаа мөн 0-5 градус дулаан байдаг. Энэ жилийн хувьд ч дундаж утгын хэмжээнд байх төлөвтэй байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРД
Арваннэгдүгээр сард температур нутгийн ихэнх хэсгээр уур амьсгалын дунджийн орчимд байх нь. Хур тунадас бол нутгийн хойд хэсэг, тэр дундаа Төв болон Зүүн аймгуудын хойд хэсгээр, Говийн бүсийн зарим хэсгээр дунджаас бага зэрэг ахиу орно. Алтайн өвөр нутгаар дунджаас багавтар орох төлөвтэй байгаа. Ерөнхийдөө арав, арваннэгдүгээр сарын хувьд температур болон хур тунадасын хэмжээний хувьд ойролцоо байна.

АРВАНХОЁРДУГААР САРД
Арванхоёрдугаар сар гармагц Зүүн аймгуудын хойд хэсгээр дунджаас ахиу цас орох бол баруун урд талын сумдаар арай багавтар орох, бусад нутгаар дунджийн хэмжээнд цастай байх нь.

Температурын хувьд цас ахиу орж байгаа нутгуудад дунджаас арай хүйтэн байх, Говийн бүс нутаг болон Алтайн өвөр нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа.

САРЫН ЭХНИЙ ДУЛААН ӨДРҮҮДЭД ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Цас ахиу орно хэмээн дээр дурдсан нутгуудаар аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр цасан бүрхүүл тогтоод эхэлнэ.

Энэ жилийн хувьд нутгийн 90 орчим хувьд зуншлага харьцангуй сайн, бэлчээр ургамал сайн ургасан. Тиймээс малчид, ААН-үүд хадлан тэжээлээ сайн бэлтгэвэл өвлийн эхний хагас өнгөртөл гайгүй байх боломжтой. Гэхдээ энэ сарын 5, 6-нд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхилан огцом хүйтэрнэ. Мөн сарын дунд болон сүүлийн арав хоногт ч хүчтэй салхитай хүйтэн байх төлөвтэй учраас сарын эхний дулаан өдрүүдэд өвлийн бэлтгэлээ базааж авахыг зөвлөж байна.

НУТГИЙН 60-ААД ХУВЬД ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ГАЙГҮЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА
Өнгөрсөн зуны цаг агаарын төлөв, бэлчээрийн өвс ногооны ургалт, намрын цаг агаарын төлөв дээр үндэслэн 2018-2019 оны өвөл болон 2019 оны хаваржилт ямар байх урьдчилсан тооцооллыг гаргаад байна.

Нийт нутгийн 90 хувьд зуншлага сайн байсан учраас бэлчээрийн даац харьцангуй гайгүй байна. Нутгийн 60-аад хувьд өвөлжилт, хаваржилт гайгүй байх төлөвтэй үлдсэн 40 орчим хувьд тааруухан байх нь. Өвөлжилт, хаваржилт тааруу байх нутгуудад Ховд, Говь-Алтайн хойд сумд, Баянхонгор, Өвөрхангай аймгийн ихэнх сум багтаж байгаа бол Архангай, Өмнөговийн цөөн хэдэн суманд бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байна. Тиймээс эдгээр сумын малчид отор нүүдэл хийх газраа эртнээс төлөвлөх шаардлагатай байгаа аж.

23 Сэтгэгдэлүүд

Comments are closed.