У.Хүрэлсүх: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал

"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны их танхимд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монгол банк, Монгол Банкны холбоо хамтран зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн судлаач багш нар, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад дотоодын 400 гаруй төлөөлөл энэхүү хуралд оролцож байна. Манай оронд болон дэлхийн улс орнуудад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох тус гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын улс дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход хурлын зорилго оршиж байна.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй нийтлэг болон тусгай асуудлуудыг хөндсөн үндсэн таван илтгэлийг оролцлгчид сонсон хэлэлцэх юм. ОУ-ын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд нар үг хэлсэн юм.

"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгарч байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцэж, өөрийн үзэл бодол, үнэтэй санал санаачилгаа хуваалцахаар энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж, улмаар 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаарэнэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

2016-2017 онд Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагаанд хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг хийж, тодорхой үнэлэлт, дүгнэлт өгсөн билээ.

Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч, цаашид засч сайжруулах нилээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр урьд урьдаас илүү хүч анхаарал тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд 2017 онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, мөн “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г тус тус баталж, бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид, хууль сахиулах салбарын практик ажилтнууд, мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын зарим орны эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид цаг заваа гарган оролцож байгаад гүн талархал илэрхийлье.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бодит аюулын нэгэн төрөл боллоо.

Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай, эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд онцгой анхаарах шаардлага, хэрэгцээ тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг, түүний суурь гэмт хэрэг болох мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус наймаа, хүн худалдаалах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд улс үндэстэн, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд онцгой анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг улам бүр эрмэлзэх боллоо.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох учиртай.

Мөнгө угаах үйл ажиллагаатай нэг улс дангаар тэмцээд үр дүн багатай, харин улс орнууд нэгдэн нийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтарч ажиллах нь улс орон дамнан үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхэн мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, энэ чиглэлээрх хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт, сайжруулах нөхцөл боломжийн талаар нээлттэй хэлэлцэж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэл төгс байна.