Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өслөө.
Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3 сая 939.8 мянга, үхэр 4 сая 380.7 мянга, тэмээ 459.7 мянга, хонь 30 сая 553.5 мянга, ямаа 27 сая 130 мянгад хүрч, 2017 оныхоос тэмээ 25.6 мянга, хонь 443.6 мянган толгойгоор өсөж, адуу 48 толгой, үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянган толгойгоор тус тус буурчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 46 хувь, ямаа 40.8 хувийг тус тус эзэлж байна.
Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг 9 аймагт малын тоо 30.1-412.1 мянгаар өсөж, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймаг, Улаанбаатар хотод 4.9-338.3 мянган толгойгоор буурсан байна.
Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймгууд малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.
Хамгийн олон мал тоолуулсан аймгаар Хөвсгөл (5 сая 709.9 мянга), Архангай (5 сая 481.1 мянга, Өвөрхангай (5 сая 461.3 мянга), Хэнтий (4сая 644.9 мянга), Төв (4 сая 582.1 мянга) аймгууд тэргүүлж байна. Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
- Адуун сүргийн тоо 12 аймагт өсөж, 9 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд адууны тоогоор Архангай (378.3 мянга), Төв (341.4 мянга), Сүхбаатар (327.2 мянга), Өвөрхангай (323.6 мянга), Хэнтий (318.9 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
- Үхэр сүргийн тоо 8 аймагт өсөж, 13 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд үхрийн тоогоор Архангай (621.2 мянга), Хөвсгөл (482.4 мянга), Хэнтий (353 мянга), Төв (282.3 мянга), Өвөрхангай (272.3 мянга) аймгууд эхний 5 байрт орж байгаа юм.
- Тэмээн сүргийн тоо 16 аймагт өсөж, 5 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд тэмээний тоогоор Өмнөговь (152.3 мянга), Баянхонгор (57.4 мянга), Говь-Алтай (43.7 мянга), Дорноговь (42.8 мянга), Дундговь (39.3 мянга) аймгууд эхний 5 байрт орлоо.
- Хонин сүргийн тоо 11 аймагт өсөж, 10 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд хонины тоогоор Архангай (2 сая 981.3 мянга), Хөвсгөл (2 сая 766 мянга), Өвөрхангай (2 сая 588.1 мянга), Төв (2 сая 449.1 мянга), Хэнтий (2 сая 353.5 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
- Ямаан сүргийн тоо 11 аймаг, Улаанбаатар хотод өсөж, 10 аймагт буурсан бөгөөд ямааны тоогоор Баянхонгор (2 сая 478.9 мянга), Өвөрхангай (2 сая 245.8 мянга), Говь-Алтай (2 сая 203.2 мянга), Хөвсгөл (2 сая 197.3 мянга), Дундговь (1 сая 716.6 мянга) аймгууд эхний 5 байрт орлоо.