ЭМЯ-наас өнөөдөр зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.
“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн хүрээнд БНСУ-аас нийлүүлж буй эдгээр машин нь нийт нэг тэрбум 466 сая төгрөгийн өртөгтэй аж.
Автомашин нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм.
Мөн интернетэд холбогдон аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах боломжтой.
Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж ийнхүү бүрдлээ.