АИ-80, АИ-92 автобензин болон дизелийн түлшний жижиглэнгийн үнийг маргаашнаас эхлэн литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг Засгийн газрын ХЭГ-аас мэдэгдлээ.
Засгийн газрын ХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТ-ны газраас нефть импорлогч компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр оруулж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буураад байгаа юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТ-ны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж цаг үеийн мэдээлэл сонссон юм. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж, өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд дарга О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг мөн хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов.