Замын-Үүд, Эрээний чиглэлд автобус, галт тэрэг нэмэж гаргажээ

Сар шинийн баяр дөхөж, хот хоорондын хөдөлгөөн ихэсч буйгаас Замын-Үүд-Эрээний чиглэлд үйлчлэх автобус болон 44-р галт тэргийг нэмэж гаргасан талаар өнөөдөр болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан дээр мэдээллээ.

Шуурхай хуралдаанд агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарт хийж буй зарим ажил, төлөвлөгөөг мөн танилцууллаа. ИНЕГ-аас олон жил ярьж буй Турк улстай хийх агаарын харилцааны хэлэлцээрийг өөрчлөх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ-тай хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрч чадвал хэлэлцээрийг дахин хийх боломжтойг онцоллоо. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт олон улсын нислэг 9 хувиар, орон нутгийнх 10 орчим хувиар өссөнийг дуулгаж байв.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлж буйгаар, төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлгийн галт тэрэгний солилцоо буурсан байна.

Эрээн, Замын-Үүд чиглэлд автобус нэмж гаргасантай холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй ААН-үүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аваар ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хяналтыг сайжруулж байгааг  АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ. Мөн Налайхын нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт хийхээр болсныг мэдээллээ.