-18.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024
Нүүр Нийгэм Томуугийн А (H1N1) вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Томуугийн А (H1N1) вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Халдвар олон улс орныг хамарч, өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж, цар тахлын шатнаас ч давах хэмжээнд одоогоор очоод байгаа билээ. Ийм учраас Та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд.

Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана.

Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоног

Илрэх шинж тэмдэг: Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед :
-Нус гоожих
-Ханиалгах
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Халуурах
-Булчингаар өвдөх
-Тамирдах
-Сульдах
-Бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа нь мэдээлэгдсэн.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакцин байхгүй. Үйлдвэрлэх шатандаа явж байна.

Гэвч Оселтамивир /Tamiflu/, Занамивир /Relenza/ гэсэн вирусийн эсрэг бэлдмэлээр урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:

-Ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах,
-Гараа сайтар савандаж угаах,
-Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх,
-Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх,
-Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх,
-Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх,
-Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх,
-Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх,
-Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх,
-Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.

Дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрчээ:

А хүрээний томуугийн H1N1 вирус Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн хүүхдээс илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 26 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин их байгаагаас ачаалал нэмэгдэж өнөөдрийн байдлаар 55 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тасгийн өрөө тасалгаа, орны тоо хүрэлцэхгүй байгаа тул дотор, чих, хамар, хоолойн тасгийн зарим өрөөнүүдийг ашиглаж байгаа гэнэ. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 10 хүүхдээс энэ сарын 18-ны өдөр дээж авч, Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд явуулахад дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрч, бусад хүүхдүүдийнх сөрөг буюу эдгэрэх шатандаа байгаа нь тогтоогджээ. Мөн Өмнөговь аймагт H1 N1 вирусээр нэг хүн нас барсан нь шинжилгээгээр тогтоогдоод байгаа.  Тус аймгийн БОЭТ-өөс 50 настэй эрэгтэй уушигны хатгалгааны хүндэрлээр нас барсан талаар мэдээлж байсан билээ. Улаанбаатар хот руу явуулсан шинжилгээний хариугаар тухайн өвчтөн H1 N1 вирусээр өвчилсөн байсан аж.