УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх журманд оруулдаг. Захирамж гарч байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуудлыг өнөөдөр 15.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай зөвлөлдөөд ирэх долоо хоногийн мягмар гарагт 09.00 цагаас ТББХ-г хуралдуулж, 10:00 цагаас чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар санал солилцсон.
Энэ асуудлыг ирэх мягмар гарагт хэлэлцэх шалтгаан бий. Хуулийг хэрэглэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэх заалттай. Тэгэхээр ирэх даваа гарагт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ.
Би сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу огцроход бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. Дараагийн УИХ-ын даргыг Цагаан сараас өмнө томилуулах хугацааг ч тооцсон байгаа" гэсэн юм.































