УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настангуудыг хүлээн авчээ. Улаанбаатар паласын их танхимд болсон уг хүлээн авалтад 4000 гаруй ахмад настан цугласан аж. Эцэст нь гар цайлгах бэлэг гардуулах мөч болоход бужигнасан олны хөлд 83 настай хөгшин ухаан алджээ. Хэдийгээр түргэн тусламж ирж хөгшнийг эмнэлэг хүргэхээр яаравчилсан замдаа амиа алдсан гэнэ.
Тэгвэл 83 настай буурайгийн амиа өгөн байж авахыг хүссэн тэр гарын бэлгийн уутанд ердөө бэлэг дурсгалын зүйлээс гадна 2 кг гурил, 1 кг будаа, 1 кг чихэр байсан гэх. Монгол хүн тэр дундаа өтгөс буурлуудын минь амь ийм л үнэтэй гэж үү Ж.Ганбаатар гишүүн ээ... Хэдхэн кг будаа, гурилны төлөө амиа өгсөн тэр нэгэн хөгшний үр хүүхэд, элгэн саданы сэтгэлийн мухарт ямар их харуусал, уйтгар гуниг шатаж буй бол. Үнэхээр л сар шинийн баяраар өтгөс буурай нараа баярлуулахыг хүссэн юм бол атга будаагаа гэрт нь дөхүүлээд өгчихгүй яав даа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын балаг тарьсан эл хүлээн авалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх урилгаар заларч, ямар сайн хамтрагч болохоо батлан харуулсан юм байх. Ж.Ганбаатар 300, 500 мянган төгрөг болон 1 сая төгрөгийн азтан шалгахаа дуулгаж. Азтангуудад Ерөнхий сайд маань ёндоог нь гардуулсан гэнэ.