М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна

-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үг-

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг удирдах албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ. Дахин энэ хуулийн зүйл, заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал битгий болоосой гэж би хүсэж байна.

Би ямар нэг байдлаар арга саам эрэлхийлж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын олон албан тушаал хашиж, өгч, авч явсан. Энэ удаад би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Миний хувьд хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэдгийг хэлж, гишүүд ч бас ухаалгаар хандаж гарц гаргалгаа бий болгосон нь төрд үүссэн гацааг арилгах боломж олгосон байж магадгүй. Гэхдээ дахин дахин битгий ийм зүйл давтагдаасай гэж бодож байна.

Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.

Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон юм шүү.

Бид төрийн албыг шинэчлэх хууль баталж, дагаж мөрдөх журмуудыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дадлага туршлагатай хүмүүс дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтооход чухал алхам болсон.

Нийгмийн шинж чанартай олон асуудлуудын шийдлийг гаргаж, хууль, тогтоол баталж өгсөн. Улс орны өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж ажиллаж чадсан.

Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан. Тэд ажлынхаа үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнах биз ээ.

Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийг хүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч, тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.

Харин жагсаал цуглаан зохион байгуулсан зарим нэг улстөрчдөдөө хандаж хэдэн үг хэлэх нь зөв гэж бодож байна.

Хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн сайн харууллаа.

Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү. Эдгээр нь та нарт даалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Ярьсан, хэлсэн зүйлээ ажил болгож, олон түмэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд амласан ажлынхаа үр дүнг үзүүлж байж та бүхний улстөрчийн, залуу улстөрчийн рейтинг өсөх ёстой юм шүү.

Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа.

Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ.

Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий шүү.

Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлж байгаа юм шүү.

Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлуудын талаар товч хэдэн зүйл хэлье.

Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.

Намайг энэ танхимд УИХ-ын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж, “Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

“Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ” гэдэг асуудлыг сүүлийн хоёр сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоогүй бол “шударга бусын хонгил” гэдэг энэ үг гарахгүй байх байсан болов уу. “Шударга бусын хонгил” гэдэг үгийг гаргасан хүн өнөөдөр өөрөө Төрийн ордонд “Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар чи хоёр гурван зүйл ярьж, түүнийг буруутгаач” гэж УИХ-ын гишүүдийг ятгаж, шахаж, шаардаж явна. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл шударга бусыг хийсэн, үйлдсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байна уу даа гэж бодогдох боллоо.

Уул уурхайн салбартай холбогдуулж олон зүйл ярьж байгаа. Миний хувьд Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д өргөн барьж байсан. Худлаа гэвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуугаарай.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан.

Би стратегийн орд газар гэдэг ойлголтыг анх бий болгож, түүнийг УИХ хуульчлан баталж, Монголын баялаг төр, ард түмнийхээ мэдэлд байх санаачилгыг анх удаа гаргасан нь өнөөдөр амьдралд хэрэгжиж байгаа. Харамсалтай нь 49 орд газрыг төрийн мэдэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм.

“Эрдэнэс Монгол” компанийг миний үед байгуулсан. Энд тэнд, дэл сул явсан стратегийн орд газруудын лицензийг төрийн мэдлийн энэ компанид төвлөрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс хамгийн сүүлийн үеийн технологи, аргаар уул уурхайг үр дүнтэй, өгөөжтэй ашиглах гэрээ хэлцлийг хийж бай гэж байгуулсан юм.

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. Надад уул уурхайн нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар, улс оронд ашигтай, ард түмэнд үр дүнтэй байдлаар ашиглах, олборлох талаар ярьж шаардаж, энэ үйл хэргийн төлөө зүтгэсээр байх болно.

“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.

Энэ мэт миний нэрээр хаяглаж, удирдагчаар нь намайг тодруулсан зарим асуудлуудтай холбогдуулан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан. Хууль, шүүхийн байгууллага үнэн зөвийг удахгүй тодруулах байх гэж бодож байна.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүн гэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.

Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.

Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.

Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээ ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний маань итгэж, хүлээлгэсэн үүрэг хариуцлагын нэг томоохон нь юм шүү.

Мөн Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хуулиудыг өөрчлөн шинэчилж, шаардлага хангасан сайн хууль батлах хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг бид хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин давтахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш, ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэлж байгаа юм.

Зургадугаарт, болоод өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан УИХ-ын олон гишүүд бий. Надад бас утсаар, мессежээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, олон түмний төлөөлөл ч байгаа. Болж байгаа үйл явдлыг үнэн бодитоор нь олон түмэнд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч цөөнгүй. Намайг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд Их Хурлын найдвартай ар тал болж ажилласан Тамгын газрын хамт олон бас байна. Та бүгдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

Төгсгөлд нь би “Төр их бат, ёс их хүнд” хэмээн буурлуудын хэлдэг үгийг хэлж, үгээ өндөрлөе. “Ёс их хүнд” гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм шүү. Ёсоо дагаж, жаягаа мөрдөн төр улсын ажлыг гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм аа.

Тэрбээр ийнхүү үг хэлснийхээ дараа Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өглөө.