Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д өнөөдөр ажиллаж, томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус төвийн эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагуудтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өглөө.

Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр болж буй онлайн сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.

Үүний дараа Вакцины төв агуулахтай танилцлаа. ДЭМБ-ын стандартад нийцсэн вакцин, биобэлдмэлийн төв агуулах нь Монгол Улсын 15 нас хүртэлх насны хүүхдэд хийх товлолын, иргэдэд тархвар судлал, сайн дураар хийх вакцин, биобэлдмэлийн жилийн нөөцийг хадгалж аймаг, орон нутагт түгээдэг. Вакцины чанарыг алдагдуулахгүйн тулд 24 цаг тасралтгүй хэмийн хяналт хийх мультилог систем суурилуулсан. Энэ нь хэмд ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдвөл дохио дуугарч сануулга өгдөг байна.

Монгол Улс 1973 онд улаанбурханаас сэргийлэх тарилгыг нэвтрүүлж, нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай, хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Мөн заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.

Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 10 ортой тус тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглосон. Цусны лабораториудад цөөн байдаг цусны анализаторын аппарат нь тасаг дотроо байдаг нь өвчтөнд цусны шинжилгээ хийж, цаг алдалгүй эмчилдэг давуу талтайг Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр ярилаа.

Эрүүл мэндийн сайд тус төвийн вирусын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улаанбурхан өвчин хоёр хөршид гарсан, ДЭМБ-аас дахин дэгдэх магадлал өндөр байгааг сануулж буй. Тиймээс ЭМЯ-наас улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн ажилчдыг сургах, нийт ард иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна.

Улаанбурхан өвчин бол амьсгалын замаар халдварладаг, вирусын гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхдэд тохиолддог энэ өвчин өндөр халуурах, хордлого, нүдний салст бүрхүүл улайж үрэвсэх, биеэр толбот гүвдрүү туурах зэрэг шинжээр илэрдэг. Тиймээс ард иргэд улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас анхаарууллаа.