УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлсэн бөгөөд тус байнгын хорооноос өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж, 10-аад зөвлөмж гаргаснаас таван асуудал УИХ-аар баталсан "Эдийн засгийг сэргээх" төлөвлөгөөнд тусгагдсан байгааг тодотгов. Тухайлбал, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо, мэргэжлийн хяналт болон татвар, даатгалын байгууллагын давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлэх, хүнд суртлыг арилгах, ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт олгохх орчныг бүрдүүлэх зэрэг асуудал тусгагдан хэрэгжиж эхэлсэн байна.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд маш тодорхой зохицуулах гэсэн хоёр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж байна. Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна” хэмээн онцлов.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.
Мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “2017 онд хэчнээн хүн ажлын байраар хангасан талаар тодруулахад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна” хэмээн хариулав. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мөн он дуустал 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилгоо хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тодотгож байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Дэлхийн банкнаас авах 25 сая ам.долларын зээлээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулахаар болсон тухай хэлэв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг тусган зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлэх боллоо.