Ажилгүйчүүдийн ихэнх нь 15-34 насны залуус байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 5 дугаар сарын эцэст 39.4 мянга болжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (15.4%) мянган хүнээр, өмнөх сараас 4.5 (13.7%) мянган хүнээр буурч, 28.5 мянга болсон байна. Ажилгүй иргэдийн 14.5 (51.0%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 (29.1%) мянга нь Улаанбаатарт, 6.3 (22.0%) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (20.2%) мянга нь Баруун бүсэд, 5.3 (18.7%) мянга нь Хангайн бүсэд, 2.9 (10.0%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 5 сард ажилгүй 32.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 5.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 33.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 17.9 (35.4%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 3.5 (37.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 7.7 (18.9%) мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.7 хувийг суурь, 6.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой, 1.6 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Архангай, Увс, Ховд, Төв, Орхон, Дорнод, Говь- Алтай, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хөвсгөл аймагт улсын дунджаас 1.5-13.3 пунктээр илүү байна.