Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өчигдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзав. Жьюзеппе Кросети нь шинээр томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурдаад тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.
ОУШХБ нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн" болон "Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал" гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан байна.
Тус байгууллагатай цаашид "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдах нь" төслийн хүрээнд хөдөө орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөний менежментийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болох хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтарч ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр илэрхийлсэн юм.