Хотын дарга С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн.

Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна.

Шинээр хотын даргаар томилогдсон С.Амарсайханд Нийслэлийн Засаг даргын тамгыг гардуулж, ажлыг хүлээлцэх ёслол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр боллоо. Ажил хүлээлцэх ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Шинэ хотын даргыг томилсон Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулаад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүслээ.