Онцгой байдлын аврагчид Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг эсэн мэнд гарган авсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 22:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 22:59 цагт очиж, 23:05 цагт иргэн О-г нуураас эсэн мэнд гаргаж, 03.18-ны өдрийн 15:48 цагт автомашиныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийнхүү өөрийн амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулжээ.