Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлалаа.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус эмнэлэгт барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй, 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Нээлтийн үеэр, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “УНТЭ нь улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна” гэв.
ЭМЯ нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар энэхүү төслийг 2013 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн нийт өртөг 38.2 сая ам.доллар бөгөөд үүний 30 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 7.7 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, 480 мянган ам.доллар нь ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаас бүрдсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг нь (24.2 тэрбум төгрөгийн өртөгтэй) Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх зорилготой хэрэгжиж, Олон улсын зөвлөх байгууллагын зүгээс ариутгал үйлчилгээний төв тасгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, үнийн тооцоог гаргажээ.
Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад барилгын засвар хийж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтанг оролцуулан сургалт зохион байгуулсан байна.