Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон. Энэ талаар тухайн үед ИНЕГ-ын олон нийттэй харилцах алба “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл ИНЕГ-ынхан энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Ингэхдээ “АН2” загварын онгоцын ослын шалтгааныг одоогоор тогтоогдоогүй байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нислэг үйлдэх гэж байсан хэмээн мэдээлж байна. Энэ бол ташаа. Онгоц зөвшөөрөлтэйгээр нисэх гэж байсан" хэмээлээ. Мөн “Үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирсэн, ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц нь алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд ерөнхий зориулалтын агаарын тээврийг ашиглах төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд улс төр болоод сонгуультай ямар нэгэн холбоогүй.
Энэ онгоц бол ОХУ-ын онгоц. ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодож байсан. Тиймээс ч ОХУ-аас Осол зөрчлийг шинжлэн шалгах комисс ирж ажилласан. Энэхүү онгоцтой холбоотой Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн өр төлбөрт орох асуудал байхгүй” гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдэгджээ. Ослын буултын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинжлэн шалгах баг ирээд буцжээ. Удахгүй мэргэжлийн дүгнэлт гарах аж.