Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргахдаа ихэнх нутгаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэс эхлэн өдөртөө 30-35 хэм хүртэл халах бөгөөд говийн бүсийн ихэнх нутгаар ахиу бороо орно гэж мэдээллээ. Ингэхдээ сарын сүүл үед дуу цахилгаантай бороо орж, салхи 16-18 м/секунд хүртэл ширүүсэх төлөвтэй байна.
Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, баянхонгорын хойд хэсгээр урьд жилийнхээс илүү хална, баруун бүс нутгийн хойд хагаст дунджаар 11-16, өмнөд хагаст 15-20 хэмийн дулаан байх аж. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хоёр, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21 хэмийн дулаан байна.
Сарын дунд үед Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм байх бол өдөртөө 29-34 хэм хүрч хална. Хур тунадас Хөвсгөлийн хойд, Архангай, Булган, Төв аймгийн хил залгаа нутаг, Сэлэнгийн баруун хэсгээр бага, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр өмнөх жилүүдээс илүү их хур бороотой байх гэнэ. Харин Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр илүү халах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.