Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдсан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар оролцсон юм.
Улаанбаатар хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн “Нэгдсэн жагсаалын арга хэмжээ”-нд 116 байгууллагын 4260 ажилтан албан хаагч, “Танхимын команд штабын дадлага”-д 80 байгууллагын 950 удирдах бүрэлдэхүүн оролцсон байна. Мөн аюулгүй талбайд гарах дадлагад зарлан мэдээллийн дохиогоор нийслэлийн орон сууцны 402 мянган иргэн түр цугларах аюулгүй 94 цэгт гарсан, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд 3111 иргэнийг хамруулан, 728 албан хаагч, 278 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зохион байгуулжээ. “Эрэн хайх аврах ажиллагааг дуурайлган үзүүлэх дадлага”-ыг 2359 хүн, 191 техник хэрэгсэлтэйгээр 6 томоохон обьектод амжилттай зохион байгуулсан гэдгийг Б.Ууганбаяр дарга хэлж байлаа. Мөн хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааг Улсын I, II, III төв эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг байгууллагын 993 эмч сувилагч, ажилтан албан хаагчид, 171 техник хэрэгсэлтэйгээр хамтран ажиллажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд, оршин суугчдыгаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах дадал хэвшил суулгах зорилгоор энэхүү сургуулийг амжилттай зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулсан хэдий ч тодорхой үр дүнд хүрсэн гэж нийслэлийн удирдлагуудын зүгээс үзэж байна. Нийслэлийн онцгой комисс болон холбогдох байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, бааз суурийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, гэр хороолол болон орон сууцны барилга байгууламжид дуут дохиог нэмэх, түр цугларах аюулгүйн талбайд ирсэн иргэдийг бүртгэх ажил гээд цаашид анхаарч сайжруулах шаардлагатай зүйлсийг олж мэдсэн сургууль боллоо” гэдгийг онцлон хэлсэн юм.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ удаагийн сургуулийн гол зорилго нь аюулгүйн 111 түр цугларах талбайд ард иргэдийгээ гаргаж, аюулгүйн цэг талбайгаа мэдэх зорилт дэвшүүлсэн. Мэргэжлийн байгууллагын зүгээс эхний зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Сургуульд идэвхтэй оролцсон бүх хүмүүст болон хамтран ажилласан байгууллагуудад сургуулийг удирдсан хүний хувьд талархал илэрхийлье. 29 жилийн дараа нийслэлийн хэмжээний томоохон сургуулийг зохион байгуулсан учир алдаа оноотой зүйл гарсан, шударга шүүмжлэл бүхнийг хүлээн авах болно. Улс орныхоо аюулгүй байдлын дархлааг сэргээсэн, иргэн дээрээ суурилсан сургууль хийе гэж зорьсон. Энэ зорилгодоо нийт ард иргэдийнхээ оролцоотойгоор хүрч ажиллалаа” хэмээлээ.