"Эрдэнэс-тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 2019 оны эхний улирлын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.
- 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар;
- Нүүрс олборлолт- 4,2 сая тонн
- Нүүрс экспорт - 2,4 сая тонн
- Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг
- Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг
- Цэвэр ашиг - 304 тэрбум төгрөг байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Тус компани эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Үүнээс 741 тэрбум төгрөгийн орлого олж, 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Манай компани өнгөрсөн онд 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос татвар болон зарлаа хасч тооцвол 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна. Үүнтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан" гэлээ.
УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байгаа бөгөөд Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулахтай холбоотой зарим ажил түр хойшилжээ. Харин иргэдийн мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлэх, бичиг баримт боловсруулах ажлын биелэлт сайн байгааг мөн дурдав.
Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тиймээс ирэх сарын 15-наас эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэх юм. Уг ажлын бэлтгэл 90 орчим хувьтай байгааг "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлов. Тэрбээр, "Тавантолгой түлш” компани жилд 800 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Энэ түлшийг хэрэглэснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувиар буурах юм. Тавантолгойн түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулашгүй. Гал түлэхэд эхний 10-15 минут утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Дээр нь хүний биед хоргүйг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон” гэлээ.