Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр шагнал гардууллаа.
Тодруулбал, манай улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслол ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Дээрх бие бүрэлдэхүүн нь Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамт үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм.
“Дайчин алдар I-II” медалиар болон “Эх орны төлөө I-III" хүндэт тэмдэг”, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр нийт 120 цэргийн алба хаагчийг шагналаа. Энэ удаагийн ажиллагаанд цэргийн эмэгтэй алба хаагчид анх удаагаа оролцож үүрэг гүйцэтгэснээрээ онцлог юм.
Шагнал гардуулах үеэр Зэвсэгт хүчний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-очир хэлэхдээ “Биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Афганистан улсын баруун хойд хэсэгт халдлага дайралт их гарч байсан. Энэ хугацаанд манай цэргийн баг аюулгүй байдлаа ханган, үүргээ амжилттай биелүүллээ. Энхийг сахиулах ажиллагаанд нийт зургаан эмэгтэй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тодотгож байсан юм.