Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа

Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм. Тэгвэл 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Шав тавих ажиллагааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани нь ч шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй удсан. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн байгаа” хэмээв.

Түүнчлэн “Нийслэлээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2019 ондоо багтааж хоёр ээлж болгох зорилт тавин ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 73 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг барьж хүртээмжийг 85 хувьд хүргэх, 33 сургуулийг шинээр барих, найман спорт заалыг барих гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж байна” гэдгийг онцлов.