Марина Кароббио Гүшэтти Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

ХАТАГТАЙ МАРИНА КАРОББИО ГҮШЭТТИ АЙЛЧЛАЛЫНХАА ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ.

Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаа гэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.

Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.