Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
- Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар
- Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар
- Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
- Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
- Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
- Мөн төслөөр Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж хилийн заагт өөрчлөлт оруулна.
Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр тусгай хамгаалалтай газар нутгийн талбайн хэмжээ 31,461,221 га байсан бол эдгээр газрыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32, 759, 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20,94 хувийг эзлэх юм.