Дэд бүтцээ хөгжүүлэхгүйгээр байгалийн баялгаа ашиглан, зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг энгийнээр хэлбэл худаг нь байгаад усаа татах ховоо, онгоц, гэр лүүгээ зөөх савгүйтэй адилтгаж болох биз ээ. Тиймдээ ч бид уул уурхайн баялгаа хэрхэн хямд зардлаар, эрэлттэй зах зээлд нь нийлүүлэх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр завдан хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан.
Гэхдээ өдий хүртэл төдийлөн амжилтад хүрсэнгүй. Уул уурхайн баялгийн голомт нутаг, манай улсын урд хязгаар, Тавантолгойн бүлэг ордоос нийт экспортын бүтээгдэхүүний 85 хувь нь, гол худалдан авагч урд хөрш рүү авто замаар тээвэрлэгдсэн хэвээр байна. Эл байдлыг халахаар Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төсөл эхлүүлсэн нь саяхан. 280 сая ам.доллар үргүй зарцуулж, шороон далан босгоод өнгөрлөө хэмээн иргэд, холбогдох албад, улс төрийн хүрээнд маргаан дагуулсан. Тэгвэл өдгөө тус ажлыг зөв зүйтэйд тооцон, 280 сая “ногоон”-оор 8.8 сая шоо метр далан байгуулж газар шорооны ажлынхаа 86, нийт зураг төслийнхөө 90 орчим хувийг гүйцэтгэсэн стратегийн бүтээн байгуулалтын эхлэл хэмээн мэдээллээ.
Тодруулбал, ирэх есдүгээр сараас Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн, 240 орчим км урт төмөр зам барихаар шийдвэрлэсэн талаар болон цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах, хөрөнгө оруулалт хэрхэн татах, санхүүгийн баталгааг “хэн” гаргах тухай танилцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой төмөр зам” компани, “Монголын төмөр зам” төрийн өмчит компани, арилжааны банкууд, хувийн хэвшлийнхэн, гадаадын зочид зэрэг 100 гаруй хүн оролцов.
2018 оны 242 дугаар тогтоолоор дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгожээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дамжин, Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам барих үүрэг хүлээсэн байна. Хоёр өртөө, таван зөрлөг, 16 гүүр, 126 хоолой, мал, амьтан нэвтрэх найман гарц гарган, дохиолол холбооны хагас автомат систем суурилуулж, 25 тонн ачаа даах хүчин чадалтай, 1435 мм-ийн царигтай, гол зам нь 240 км үргэлжлэх төмөр зам нь манай улсын томоохон бүтээн байгуулалт болох юм. Ажлын нийт зардалд 1.8 орчим тэрбум ам.доллар шаардлагатай аж. Одоогоор төмөр замын газар шорооны ажлын гүйцэтгэл 86.6, гүүр, хоолойн ажил 52 хувьтай байгаа бөгөөд 209 орчим км замынх нь зураг төслийг бүрэн хийж дуусгасан гэнэ. Уг замыг барьснаар манай улсын нутаг дэвсгэр дэх нүүрс тээврийн зардал нэг тонн тутамд 32 ам.доллароос наймд хүрч дөрөв дахин буурах боломж бүрдэх аж. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх гэнэ. Түүнчлэн авто замын тээврээс үүддэг бэлчээрийн талхдалт, тоосжилтыг бууруулж, хөрс, болон агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр багасгах ач холбогдолтой юм байна. Үүнээс гадна 1900 орчим байнгын ажлын байр бий болгож, эдийн засгийг 3.7 дахин өсгөнө хэмээн тооцжээ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх есдүгээр сараас эхлүүлэх ба нийт 28 сарын хугацаанд буюу 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг дотоод эх үүсвэрээсээ санхүүжүүлэх, зохион байгуулах үүргийг “Эрдэнэс Тавантолгой” компани хүлээжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Юуны түрүүнд Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил цэрэг, хүчний байгууллага, холбогдох аж ахуйн нэгж, мэргэжлийн албадын тусламжтайгаар, төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Хөрөнгө оруулалтын тодорхой хувь 156 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргасан. Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдсанаар Зүүнбаянд байгуулах гангийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр лүү түүхий эдээ шуурхай хүргэн, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх дэд бүтэцтэй болох юм. Хоёрдугаарт, Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг нэрлэе. Монголдоо хамгийн урт, хамгийн олон байгууламжийг нэгтгэсэн тус замын бэлтгэл буюу газар шорооны ажил дуусах шатандаа орсон. Манай компани уг төслийн анхны болон дунд шатны хөрөнгө оруулалтыг гаргах санхүүгийн чадамжтай болсон. Эхний ээлжид манай компаниас 120 орчим сая “ногоон” зарцуулах гэрээ байгууллаа. Үүнээс гадна бид Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн параллел авто зам барих ажлыг эхлүүллээ. Энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар ажиллаж байна. Компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг 670 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь төлөвлөгөөгөө 25-50 хувиар давуулан биелүүлсэн дүн боллоо” гэсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны ашгаа дэд бүтэц болон уурхайгаа өргөжүүлэх бүтээн байгуулалтын зардалд зарцуулах шийдвэр гаргасан. Харин энэ оны цэвэр ашгаасаа ногдол ашиг өгөх, эсэх талаарх асуултад тэрбээр “Хувьцаат компаниуд цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах үүрэгтэй. Манай компанийн хувьд 2019 онд иргэдэд ногдол ашиг тараах, эсэхийг Засгийн газартай зөвшилцөж шийдвэрлэх болов уу. Хамгийн гол нь компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, дэд бүтцээ сайжруулан, нүүрс боловсруулах, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй юм. Улмаар бид олборлох уурхайгаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэр болон өргөжих боломж бүрдэнэ. Ингэснээр урт хугацаанд өгөөж нь арвин байж, иргэдэд очих ашиг ихсэх нь дамжиггүй” гэв.
Дээрх чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг ямар компани хийх, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал “Одоогоор манай төсөлд 280 сая ам.доллар зарцуулжээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 120 орчим сая “ногоон” өгөх хэлэлцээрийг саяхан баталсан. Ингэснээр нийт 400 сая ам.доллароор анхан шатны хөрөнгө оруулалтаа хийн, газар шорооны ажлынхаа 85 орчим хувийг гүйцэтгэчихсэн гэж ойлгож болно. Энэ бол хөрөнгө татахад боломжийн “хөрс”. Төслийн нийт өртөг 1.8 орчим тэрбум ам.доллар болох тооцоо бий. Одоогоор 800 гаруй сая “ногоон” хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр эхлүүлсэн төсөлд заавал гаднын компаниудаас санхүүжилт олохоор мэрийх шаардлагагүй болов уу. Бид өнөөдрийн хэлэлцүүлэгт Төвбанкны төлөөлөл, арилжааны бүх банк, хувийн хэвшлийнхнийг урьсан. Энэ нь тэдэнд ямар боломж байгааг судлах, мөн төслийнхөө үр өгөөжийг танилцуулах зорилготой. Байгаа боломжоо ашиглан, дотоодынхоо нөөц, хөрөнгөд тулгуурлан, сайн менежмент хийн төмөр замаа барихаар төлөвлөж байна. Санхүүжилтээ төмөр замын ирээдүйн тээвэрлэлтээс олох орлого, манай компанийн 66 хувийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалтын орлого зэргийг барьцаалан хөрөнгө оруулалт татах хэлбэрээр шийдэх боломжтой” гэв.
Манай улсын талаас тавьж буй төмөр зам, урд хөршөөс “ирж” байгаа төмөр замаас зөрж, мөн газрын хэвгий, хонхор таарч буй нь бүтээн байгуулалтын ажлын явцыг удаашруулах магадлалтай, хоёр тал харилцан зөвшилцөлд хүрээгүй гэх мэдээлэл бий. Энэ талаар Н.Удаанжаргал “Хоёр улсын дипломат харилцаа, гадаад бодлогын хүрээнд эл асуудлыг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар санал зөрөх, үл ойлголцох асуудал ахин үүсэхгүй. Харин газрын хэвийлт, хотгор их байгаа тул Загийн хоолой орчимд 27-28 метрийн өндөртэй, зургаан метр урттай гүүрэн байгууламж барихаар тооцсон. Энэ нь магадгүй хамгийн нам дор газар төмөр зам барьсан анхны тохиолдол болох болов уу” хэмээн ярив.
Хэлэлцүүлэг, танилцуулгад гадаад, дотоодын олон төлөөлөгч оролцон, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Урд хөршийн цөөнгүй компанийн төлөөлөл “Төмөр замынхаа төсөлд монголчууд гадаадын хөрөнгө оруулалт татах уу” хэмээн удаа дараа асуухад, аль ч улсын ямар ч компанийн саналыг сонсох, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэргэжилтнүүд хариулсан. Үүнээс гадна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “БНХАУ-ын Ардын банк манай банк хоорондын байгуулсан своп хэлэлцэл бий. Үүний хүрээнд манайх “ашиглаж” буй 1.8 тэрбум ам.долларыг бид 2020 оны долдугаар сард төлнө. Хэрэв урд хөрштэй тохиролцож чадвал дунд хугацаанд буюу 5-10 жил уг мөнгийг “ашиглах” нөхцөл үүсэж болох юм. Төвбанканд ийм боломж бий” гэв.
Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гадаадын туршлагатай компанид даатгах юм байна. Олон ч аж ахуйн нэгж уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах саналаа ирүүлснийг “Тавантолгой төмөр зам” компанийнхан дурдана лээ. Харин ерөнхий гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн гаргах уу, эсвэл хөрөнгө оруулалтыг Монголын тал даан, зөвхөн барилгын ажлаа л хариуцуулах уу гэдгийг хараахан эцэслэн батлаагүй аж.
Эх сурвалж: Өнөөдөр сонин