2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
“400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 560,000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна” хэмээн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Тахилт”-д жишиг цэг нээсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд долоон жишиг цэг байгуулахаар тохижилт, засварын ажлууд хийгдэж байгаа талаар хэллээ. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж ТУЗ-ийн гишүүд сайжруулсан түлшний хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар санал солилцоод, иргэд олон нийтэд сайжруулсан түлшний хэрэглээ нөөцлөлтийн талаар мэдээлэл өгч ажиллахыг зөвлөсөн юм.
ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд /мидлинг/-ийг үйлдвэрийн хашаанд 300 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэхийг “Тавантолгой түлш” компанийн удирдлагад үүрэг болголоо. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, борлуулалт, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс