Дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгадаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалт Их Британийн Кардифф хотноо энэ сарын 11-18-нд үргэлжилж байна.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англи, Норвеги, Турк, БНСУ, Өмнөд Африк, Шотланд, Украин, Бельги, Австрали зэрэг орны дуурийн дуучид өрсөлдөж байгаа юм.
“BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн юм.
Г.Ариунбаатарын хувьд мэргэжлийн дуулаачдын уралдааны эхний шатанд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсыг дэлхийн бусад хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулжээ.
Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин, Э.Амартүвшин үзэгчдийн нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байв.