Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв.
Бүх цэргийн хар сүлдний их сүлдэчийн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж байлаа. Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөхөд төрийн хожин “Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхэл, сүлдэнд ниндар өргө, зул өргө, утлага өргө, идээ өргө, сархад өргө” командуудыг өгөв. Дараа нь “Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өч” командаар их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.
Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.
Монгол Улсын төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.
“Бүх цэргийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм. Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.