Нийслэлийн 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв

Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380”  арга хэмжээ, нийслэл нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй, “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхижүүлэх чиглэлээр арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.