Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Энэ үеэр тэрбээр өргөн барьж буй Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухайд иргэдийн амьдрах орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн ачааллыг бууруулах, нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэх зэргээр хэрэгжүүлэх ажлуудаа ач холбогдолоор нь эрэмбэлэн тусгасан гэдгээ хотын Захирагч С.Амарсайхан онцлов. "Үндсэн чиглэлийн нэн тэргүүнд иргэд, олон нийтийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологийн хяналтын системийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын бааз суурийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, парк шинэчлэлийг нэн даруй хийхийн зэрэгцээ шинэ төрлийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр судалгаа хийгдэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн байгууллагын бааз суурийг бэхжүүлэх, иргэдэд түргэн шуурхай хүрч ажилладаг болох, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн асуудал болон Улаанбаатар хотын томоохон асуудлуудын нэг болох хог хаягдлыг татан тээвэрлэх, ангилан боловсруулах, устгах зэрэг хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг олон асуудалд анхаарч, 2020 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг боловсруулсан" хэмээн хотын Захирагч танилцуулгадаа дурьдлаа.
"Нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох бас нэг чухал ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хотын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх замаар төсвийн ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм" гэдгийг тэрбээр мөн онцолсон юм. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа тул Үндсэн чиглэлийг боловсруулахдаа энэ асуудлыг ч мөн тусгажээ. "Энэхүү боловсруулсан үндсэн чиглэлийн ажлууд нь 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги хэтийн төлөвлөгөөтэй нягт уялдсан" хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр мөн онцолсон юм.
НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотыг хөгжүүлэх баримт бичгүүдтэй уялдуулах нь чухал. Ирэх 2020 онд төсвийн урсгал зардалд хяналттай ажиллана.Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудад нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын үр ашгийг ярих цаг болсон” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс