Зохистой хөдөлмөрийн Дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2019.10.07/ ХНХЯ-ны гадна цуглаан зохион байгуулж, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргэлээ.
МТХГТА-ны ҮЭ-ийг холбоог төлөөлж Петростар ХХК-ний ахлах түгээгч Ч.Чулуунцэцэг: “Үйлчлүүлэх автомашины тоо нэмэгдсэнээр нэг түгээгчийн түгээлт хийх тоо дагаж өсдөг. Шатахуун түгээх үед нүүрстөрөгчийн ханасан хий буюу машины түлшний савыг онгойлгоход маш хүчтэй амьсгалах ч боломжгүй болтол хурц үнэртдэг. Үүнээс болж дотор муухайрч унах явдал ч бий. Түгээгч гэх албан мэргэжлийг хортой нөхцөлд оруулж өгөхийг шаардаж байна.
Эмэгтэй 50, эрэгтэй 55 настай хүмүүсийн тэтгэвэр тогтоох насанд өөрчлөлт оруулж өгөөч гэж хүсэж байна. Хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалд өөрчлөлт оруулсан ч биднийг гадуурхаж байгаад гомдолтой” гэв.
Цуглаанд оролцогчид ямар нөхцөлд ажиллаж байгаагаа дор бүрнээ хэлж байв. Иргэний нисэхийн салбарт ажиллагчид цацрагийн хортой аппаратнаас болж үс нь унаад, үр нь зулбаад, биеэр нь дүүрэн цоохор юм гарчхаад байхад ажилласаар байна. Рентген туяаны хортой нөлөөн дор тоосжилттой, хүйтэн, дуу чимээ ихтэй хүнд нөхцөлд ажилладаг. Энэ нөхцөлөөр хортой, хүнд нөхцөлд ажилладаг гэж тодорхойлсон байхад дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа талаар хэлж байлаа.
Төмөр зам, Тээвэр холбоо, газрын тосны холбоодоос дээрх ажлын байруудад хийлгэсэн дүгнэлтүүдийг үндэслэн Газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулж өгөх шаардлагыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт хаяглан хүргүүллээ.