Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих шийдвэр гараад байна” гэлээ.
Дараа нь П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой мэдээллийг П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат “Байшингийн хувьд 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талыг нь шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж, 1996 оны есдүгээр сарын 10-нд нээсэн.
1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм. Одоо ингээд 90 жил болсон байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. П.Гэндэн сангийн хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж, музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм. Энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй, гэр бүлийнхэн болон түүхчидтэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр учраас гадуур яригдаж байгаа шиг албадан буулгасан зүйл огт байхгүй” хэмээлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Газар эзэмшигч байгууллага Гэндэн сангийн зүгээс манай байгууллагад хандан ирүүлсэн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу бид газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн.
Тухайн барилгын хувьд барилгыг буулгах, шинээр барилга барих зөвшөөрлийг бид олгоогүй. Барилгын анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх шаардлагын дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаад байна. Байшингийн модыг дугаарлаж хадгална. Гэндэн сангийн зүгээс тус байршилд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөсөн. Шинэ барилга ашиглалтад ороход 1-4 давхарт нь өмнөх төрх хийцээр нь барина. Газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс