Кейс менежментийн сургалт буюу Хамгааллын алхмууд сэдвээр Олон улсын “Мөнгөн” түвшний сургалтыг Улаанбаатар хотод 2019 оны 10 сарын 10-15-ны өдрүүдэд явагдаж байна.
Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, ШИТИС, МУБИС-ийн багш нар, Хүүхдийг Ивээх Сангийн холбогдох мэргэжилтэн нар суралцаж байна. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын олон улсын зөвлөх багш Жэйн Гардер удирдан явуулж байна.
Сургалтаар хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээг, олон улсын стандартад нийцсэн байдлаар үзүүлэх, хамгааллын алхамуудад суралцана.
Сургалтын хөтөлбөрт Монгол Улсад түгээмэл гарч байгаа асуудлыг хэрхэн яаж шийдэх арга барилд суралцах, хүүхдийг утга төгөлдөр оролцуулах, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, нууцыг хэрхэн хадгалах, хамгаалах, үйлчилгээг хэрхэн хүргэх, хянах зэрэг нарийн мэргэжлийн асуудлууд орж байгаа.
Ялангуяа даяаршиж буй энэ нийгэмд хүүхдийн хамгааллын ноцтой зургаан зөрчил болох хүүхдийг хороох, зэрэмдэглэх, хүүхдийг зэвсэгт хүчин болон бүлэглэлд элсүүлэх, оролцуулах, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг хулгайлах, булаах, сургууль, эмнэлэг рүү дайрах, хүмүүнлэгийн тусламжийг хүүхдэд үзүүлэхэд саад болох зэрэг асуудлуудад хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зэргээр нарийн асуудлууд орж байгаагаараа онцлог юм.