Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж, Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцлөөр хангах зорилготой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төслийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр үйлчилгээний газрууд хотын стандартыг дагаж мөрдөх, бодлого шийдвэртэй уялдуулах нь чухал. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхан шатны боловсруулалт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүл гэдэг шаардлага тавина” гэлээ. Түүнчлэн “Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудад яамны оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Бодлогын яамдууд хоттой хамтраад харилцан уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр болж байгаа нь өнөөдрийн санамж бичиг ихээхэн ач холбогдолтой болж байна” хэмээн онцолж хэллээ.
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Зургаан бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Офис констракшн” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан дулаан техникийн шинэчлэлтийн дулаалгын ажил тус цэцэрлэгийн үндсэн барилгад хэрэгжилээ. БЗД-ийн 10 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 714 хүүхэд байна.
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хотын захирагч С.Амарсайхан үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан гэдгээ онцолсон. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.
“БИДНИЙ ХОТ” нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ХОТ” сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. “БИДНИЙ ХОТ” уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын төрөл гэсэн 4 төрлөөр зохион явуулсан бөгөөд нийт 34 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлээ ирүүллээ.Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэдэд нээлттэйгээр энэхүү уралдааныг зохион байгуулсан юм. Телевиз, радиогийн төрөлд MN25 дугаар суваг телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийн тусгай дугаар тэргүүн байр эзлэн, нийслэлийн 380 жилийн ойн уралдаанд зориулж тусгайлан бүтээлгэсэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Сонин, сэтгүүлийн төрөлд “Өнөөдөр” сонины тоймч Ж.Эрдэнэцэцэг “Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн” нийтлэлээрээ тэргүүн байрт шалгарсан бол сайтын төрөлд UB.LIFE сайтын сэтгүүлч Э.Намуун “Миний хотын сайхан” сурвалжилгаараа, цахим контентын төрөлд “Фото хаус” студийн зураглаач О.Энхтөр “Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална” сэдэвт бүтээлээрээ тус тус тэргүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
“Таван толгой түлш” компанийг цагдаа, цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв
Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг цагдаа, цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.
Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өдөрт хоёр удаа мэдээллэж байна.
Албаныхан иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчлүүд илэрч байгааг сэрэмжлүүллээ.Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн бөгөөд иргэдэд зөв галлагааны талаар зөвлөмж тараах ажил 90 хувьтай байна.
Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа
Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй, оройд ажил тарах үед Гурвалжингийн гүүрээс буюу хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулжээ.
Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өнөөдөр “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ. Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох аж.
Нийслэлийн байгууллагууд өргөдөл гомдлыг цахим системээр хүлээн авч байна
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn, Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх явцыг хянах, мэдээллийг цахимаар авах нөхцөл бүрджээ. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр бүртгүүлж, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд таньж баталгаажуулсны дараа тухайн хүний өмнө нь гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн тухай мэдээллийг Өргөдөл цэсээс харах боломжтой аж. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Хотын дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарын утас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг салбаруудад, Eservice.ulaanbaatar.mn цахим хуудас, “Check my service” гар утасны аппликейшн, Хороо, НМХГ-ын тусгай дугаар, 131200 дугаарт мессэжээр гэх мэт олон эх сурвалжаар өргөдөл, гомдол гаргаж болох аж.