Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Ирээдийн эзэд-2019” Мэргэжил сонголтын аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, нарийн мэргэжлийг сурталчлан таниулах зорилгоор “Мэргэжил сонголтын үзэсгэлэн яармаг”-ыг Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХэлтэс болон Боловсролын хэлтэс хамтран 2019 оны 05 сарын 09-ний өдөр “Чингис Соосэ” их сургуулийн дэргэдэх ”Их Засаг” МСҮТ-д амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Б.Ундармаа болон ЗГХА Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар нээж үг хэлсэн юм.
Энэ үеэр дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн 9-р ангийн 4320 сурагч хамрагдсан бөгөөд сурагчдад Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Мэргэжил сонголт ба ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх мэргэжил” сэдвээр лекц уншиж, сурагчдад мэргэжил сонголтын арга зүйн зөвлөгөө өглөө.
Тус үзэсгэлэн яармагт нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд болох “Их Засаг” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол Солонгосын политехник коллеж, Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар Төмөр замын дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежи, Хүнс технологийн политехник коллеж, Барилгын политехник коллеж, Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцон сургуулийнхаа давуу тал болон сургалтын хөтөлбөрийн талаар сурталчлан танилцуулж, элсэлтийн бүртгэл хийгдсэн юм.