УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2019.05.22/ Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлье” үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дарга Д.Оюунхорол тавилаа. Мөн гэр бүл, хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэхэд нийгмийн болон боловсрол, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар дэд илтгэлүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар танилцууллаа.
Түүнчлэн уг зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга гэр бүлийн үнэ цэнийн талаар, НҮБ-ын суурин төлөөлөгч Алкс Хайкенс Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт Монголд ямар байгаа талаар ярьсан бол гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд төрийн бус байгууллага, эцэг эхийн гүйцэтгэх үүргийн талаар судлаач Х.Баавгай, “Гал голомт” төвийн тэргүүн Д.Мөнхөө нар байр сууриа илэрхийлсэн билээ. Зөвлөгөөнөөр гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг болон ийм төрлийн гэмт хэргийн шүүн тасалсан байдал, хэвлэл мэдээллийн үүргийн талаар ч ярилцсан юм.
Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхдийн эрхийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эцэг эхийн төлөөлөл болсон 800 гаруй иргэн бусад албаныхан оролцлоо.
Зөвлөгөөнөөс гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа.