ГХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссорын газартай хамтран “Туушин” зочид буудалд “Бизнес ба хүний эрх” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын талаар ГХЯ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан хэлтсийн дарга В.Оюутаас тодруулбал, “Бидний гол зорилго НҮБ-аас 2011 онд батлан гаргасан бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах удирдах зарчмыг хэрэгжүүлэх, Монгол Улсад энэ талын үндэсний төлөвлөгөөг албан ёсоор гаргах явдал юм. Үндэсний төлөвлөгөөг гаргахдаа бизнест хүний эрхийг хэрэгжүүлж буй байдал, хүний эрхийн хэм хэмжээг манай улсад хэрхэн даган мөрдөн биелүүлж буй нөхцөл байдал, бизнест хүний эрхийг хэрхэн хангуулж буй талаар тал талын оролцоотой ярилцан хэлэлцэж байна” гэв.
“Бизнес дэх хүний эрх зөвхөн бизнес эрхлэж буй хүний эрхээр хязгаарлагдаггүй, бизнесийн байгууллагууд хүн, нийгэм болон байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчлэх эрх ч хамаардаг аж. Гол нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхэд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хангах нь чухал байдаг. Энэ талын хууль эрх зүй манай улсад хэрхэн хангаж байгааг хэлэлцэж байна” гэв. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар бизнес дэх хүний эрхийн талаар Монгол Улсын үндэсний төлөвлөгөөг гаргах ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Ингэснээр бизнесийн харилцаанд ихээхэн ахиц гарна гэдгийг уулзалтанд оролцогчид онцолж байв. “Яагаад гэвэл хүний эрхийг хамгаалж хангах талаар төрөөс гадна ТББ, бизнесийн байгууллагууд мөн үүрэг, хариуцлага хүлээж байдаг учир Монгол Улсын үндэсний төлөвлөгөө гарснаар бүх байгууллага хүний эрхийг даган мөрдөх үүргээ биелүүлдэг болно” гэж ГХЯ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан хэлтсийн дарга В.Оюут тэмдэглэж байв.
Тэрээр “Бизнес ба хүний эрх” нь өнөөдөр богино хугацаанд дэлхий нийтийн шинэ хандлага болж, үндэстэн дамнасан томоохон компаниудаас аваад олон улсын бизнес, санхүүүгийн байгууллагууд хүний эрхийг хамгаалж хангах зарчмыг үйл ажиллагаандаа даган мөрдөж байгаа олон улсын чиг хандлагаас монголчууд бид хоцролгүй, хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байгааг онцолж байв.
“Бизнес ба хүний эрх” зөвлөлдөх уулзалтад төр, ТББ-уудын төлөөлөл болон хүний эрх, бизнесийн эксперт шинжээчид оролцлоо.