Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн Женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ жил манай улс ъОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөръ-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд 06-р сарын 01-ний өдрийг угтаж олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул:
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Энэхүү арга хэмжээг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган зохион байгуулсан бөгөөд чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготой юм.
Мөн хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулах, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн, оролцоо болон эерэг мэдээ мэдээллийг түгээх “ХАЙРЫН ГАР” богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэ жилийг “Хариуцлагатай аав, ээж” буюу эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд дорвитой өөрчлөлт гарах юм. Бид бүгд хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаар бэлэг авч өгдөг. Та бүхний авч өгч байгаа бэлэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүдтэй байгаасай хэмээн уриалж байна“ гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.