Монголын дүрслэх урлагийн хамгийн том “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн нээлт МУЭ-ийн Арт галерейн танхимд энэ сарын 22-нд боллоо.
Зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөн, нийт 52.5 ам дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм.
Зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн суурь судалгааны ажилд 10-аад жил, бүтээлийг амилуулах ажилд 12 жилийн хүч хөдөлмөрөө зориулсан бөгөөд нарийвчилсан гүйцэтгэлийг сүүлийн 5 жилийн туршид биечлэн гүйцэтгэжээ.
“Дэлхийн нэг өдөр” бүтээл нь эдүгээ манай цэнхэр гараг дээр оршин байгаа улс орнуудыг тив тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн өвөрмөц тогтоц, тухайн улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, дэлхийд гайхагдсан бүтээн байгуулалтуудыг нэгэн хавтгайд багтааж томоохон орон зайг хураангуйлан, таван мянга гаруй дүр дүрслэлийг шигтгэсэн зурснаараа онцлогтой юм.
Энэхүү бүтээл нь дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд “Монгол зураг” хэмээх өвөрмөц хэв шинжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өнө эртний урлагийн төрлийг бататган харуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүй, дүрслэлийн хамгийн том бүтээл болсон гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.