Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.
Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “УИХ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа энэ эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг баригдана. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно.
Мөн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургаа, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой болох юм” хэмээн ярилаа.
Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг “Вамед инженеринг” компанийн зүгээс дуулгалаа.
Тухайлбал, эмнэлгийн барилгын ажил дуусахтай зэрэгцэн шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтнийг бэлтгэх зэрэг төлөвлөгөөт ажлыг зохион байгуулснаар энэ онд багтаан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна.