Тэтгэврийн доод хэмжээг 2018 онд нэмэгдүүлж, хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Улмаар 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталж, тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар гурван талт хэлэлцээрийн талаар авч хэлэлцлээ. Гурван талт хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо багтдаг. Энэ хэлэлцээрт цалин тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдуулан нэмэх талаар тусгасан байдаг. 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд тэтгэврийг нэмэхээр тусгасантай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хуулийн өөрчлөлт, бодлогын үр дүнд 2018 онд Тэтгэврийн санд 1 их наяд төгрөг төвлөрч, нийт 390 мянган тэтгэвэр авагчдад зориулан буцаад 1.6 их наяд төгрөг гарна.
Засгийн газрын шийдвэрээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 161 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 11 хувь нэмэгдэж, нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд нийт 195 мянган иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг юм. Харин өнөөдрийн байдлаар хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 212 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 250 мянган төгрөг байна.