Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав. Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан бүс, ариутгал халдваржуулалт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүс гэж ангилжээ. Эмч, сувилагч нар тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэл өмсөн улаан, шар бүсээр нэвтэрч хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалт хийж танилцуулав.
Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авсан шинэ коронавирусний сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт шилжүүлэх эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтөнг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэгт шилжүүлэх зураглал гаргажээ.