Эрх баригч намын үг, үйлдэл олон нийтийн өмнө ил тод, дэлгээтэй байдаг. Тиймдээ ч шүүмжлэл хойморт тамга барьж суугаа нэгнийг чиглэдэг нь “уламжлал” гэлтэй. Уламжлалын дагуу хотын даргын алдаа, оноо бүрийг өнгөрсөн хугацаанд олон нийт дэнсэлсээр ирсэн. Тэгвэл сөрөг хүчин юу хийв. Тэд ямар үүрэг зорилготой вэ.
Хөгжингүй орнуудад сонгуульд ялалт байгуулж чадаагүй намууд эрх баригч хүчний алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж нийгмээ улам төгөлдөршүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргадаг. Харамсалтай нь, манай улсад бүхнийг шүүмжлэх, сөргөлдөх, дайсагналцах байдалтай явсаар өнөөг хүрсэн.
Чухамдаа НИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний үүргийг гүйцэтгэв. 11 төлөөлөгчтэй тус бүлэг эхний хоёр жил хотын даргад удаа дараагийн шаардлагыг хүргүүлж, уриа лоозон барьж зогссон нь олон. Гэвч эцэст нь байр сууринаасаа хазайж, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан С.Батболдтой наймаалцаж, өвөр түрийндээ орох шахсан нь ч бий. Ямартаа тухайн үед АН-ын бүлгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хотын даргыг сайн ажилласан эсэхэд нь бус ирэх жилийн төсөв, сонгуулийн өмнөх төсвөө бодон барьцаанд орсон гэсэн бор шувуу Хангарьд ордноор хэсүүчилж байв. Түүнээс хойш чимээгүйхэн байсан АН-ын бүлэг сүүлийн үед дахин “амилав”. Үнэндээ ч үе үе өндөлзөж, үг сөрдөг байсан ч тогоо тойрсон улс төр нь амжилт олоогүй гэхэд хатуудахгүй биз. Хамгийн сүүлд л гэхэд МАН-ын эргэж буцсан шийдвэр сэдвийг хөндөв. Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар, төвлөрсөн захуудыг нүүлгэх, Сүхбаатарын талбайн зогсоолыг усан оргилуур болгох асуудлуудыг хөнджээ. Олон жил ярьж, улиг болсон утааны асуудал эцэслэгдсэн тул эдгээр сэдвийг сэвэхээр шийдсэн нь тэр бололтой. Гэвч Ц.Баатархүүгийн уран үг бусдыг уяраахаа больсон бололтой.
Энэ бүхнээс үүдэн Нийслэл дэх АН-д лидер байна уу гэх асуулт цэнхэр батлахтнуудын дунд өрнөсөн. НИТХ дахь АН-д экс хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар бий. Тэд өнгөрөгч дөрвөн жилд АН үнэмлэхүй ялалт байгуулж, хотыг 4 жил удирдахдаа хийсэн юмтай, үзүүлэх зүйлтэй буусан гэдгээ ярих дуртай. Гэвч Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа хүүтэйгээ хамтарч хийсэн гэр хорооллыг барилгажуулах нэрээр асар их хөрөнгө завшсан гэх хэргээсээ болж олны өмнө ил гарахаа больж, хаалганы цаана дохиур бариад суух болсон. Харин Д.Баттулгын хувьд нас хэлбийж, тэр бүр уриа лоозон барьж, олныг уухайлахаа больсон. Ийнхүү эцэст нь “Лектор” төвийн хэмээх тодотголтой Ц.Баатархүү нийслэлийн АН-ын өнгө төрх болж үлдэх янзтай.
Улс төр судлаачаар төгссөн, уран илтгэгч залуу Ж.Батзандан, О.Магнай нартай нийлж “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулж, поошиг нүдэж жагссанаар улс төрд хөл тавьж байв. Улмаар Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллахад мань хүн нийгмийн хөгжил хариуцсан орлогчоор томилогдон ажилласан. Харамсалтай нь тэрбээр эл албан тушаалыг дөрөвхөн сар хашсан юм. Түүнийг эл албан тушаалд томилогдоход туршлага, чадварын маргаан АН-д хүчтэй өрнөсөн. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн түлхээсээр ядах зүйлгүй тэрхүү албан тушаалд тухалсан ч удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тухайн үед АН доторх фракциудын шахалтаас болж Ц.Баатархүүг ажлаа өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэх яриа ч бий. Харин энэ удаад нийлэлийн АН-ын өнгө төрхөөр тавихад Г.Доржзодовын ач гавьяа бий гэх явган яриа ч бий. МАН-ыг ацан шалаанд оруулж, 60 тэрбумын схемийн хэрэгт оруулсан Г.Доржзодовтой холбох нь ч бий. Учир нь Г.Доржзодовын жинхэнэ нэр нь Б.Болд бөгөөд тэрбээр “Лектор” төвийн Ц.Баатархүүтэй хамт лекц уншдаг нэгэн байсан аж. Тиймээс хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлсэн тухай яриа улс төрд ам дамжин хөврөх нь бий.
Юутай ч өөрийнх нь үг бусдыг урвуулахаа больсон тул тэрбээр “дүү”-дээ халаагаа өгсөн бололтой. Сүүлийн үед “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг хэмээх залуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ар, өврийг хашааны гаднаас уудлах болсон. Тэрбээр ганц Ц.Нямдорж гэлтгүй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гэхчлэн МАН-ын нөхдийг толгой дараалан шүүмжлэх болов. МАН-ын томоохон кадрууд руу өндөлзөж, өмнөх, хойдох амьдралынх нь талаар цухалзуулж эхлээд байгаа. Чухамдаа Ц.Баатархүүгийн улс төр явуургүй болсон тул Б.Мөнхцэлмэг хүч хавсрахаар ийнхүү гарч ирсэн бололтой.
Харин Ц.Баатархүү ирэх сонгуулиар Чингэлтэй дүүрэгт биш Хэнтийд нэр дэвшихээр сэм бэлтгэлээ базааж байгаа гэнэ билээ. Өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажил, хэлэх үггүй болсон тул буурь сэлгэж, лекц уншиж, Хэнтийчүүдийг уран үгээрээ “панаалдаж” УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд санаархаж байгаа нь тэр биз. Өөрийн гэсэн байр суурь муутай, хувийн өчүүхэн эрх ашгийг дээгүүрт тавьж, ажил албан тушаалын төлөө “нүдээ ухаад өгөхөөс” буцахгүй Ц.Баатархүүг төрсөн нутгийнх нь гэх Хэнтийчүүд элэгсэг дотно хүлээн авах болов уу.