Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн үүдний хэсгийг 14 хоногийн хугацаанд шинээр тохижуулж, орчин үеийн хүлээлгийн танхим бүрдүүлжээ. Ингэснээр өмнө нь үүдний хэсэгт бүртгэл хийх, шинжилгээ авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг байсныг зохицуулсан аж. Тодруулбал, цахим болон шуурхай бүртгэл, мэдээллийн төвийг хүлээлгийн танхим руу шилжүүлж, шинжилгээг өөр хэсэгт авдаг болжээ. Мөн хүлээлгийн танхимын хэв маягийг өөрчилж, энгийн болон тусгай хэрэгцээт хүмүүсийн ариун цэврийн өрөөг шинэчилж, үйлчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих урмын үгс, зургуудыг хананд дүрсэлсэн байв.
Хүлээлгийн танхимыг шинэчлэх саналыг тус төвөөс Эрүүл мэндийн сайдад уламжилж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлснээр 178 сая төгрөгөөр засварлажээ.