Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.
Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг (2020.03.03) хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалан явууллаа.
Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцсон юм.
Нийт 7 бүлэг, 83 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртайг онцлов.
Уг хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан.
Тухайлбал, одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шижлүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (оро нутгийн корпораци) мөн. Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан сууриан газар (орон нутгийн кордораци) мөн гэж төсөлд тусгасан. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан талаар танилцуулгадаа дурдав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулан, байр сууриа илэрхийлэв. Мөн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн гишүүд хуулийн төслийн талаарх танилцуулга, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хуваалцсан юм. Тэд хуулийн төсөлд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлага зэрэг хэд хэдэн асуудлыг дахин нягталж тусгах шаардлагатайг хэлж байлаа.