Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.
Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.
Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL RADIO 88,3” шалгарч, 20 сая төгрөг, өргөмжлөл цом гардлаа.
Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздээр “Маамуу” хүүхэлдэйн киногоороо “Монгол Контент” ХХК, “Найзууд” нэвтрүүлгээрээ “Хэмнэл радио 91,7”-ийн уран бүтээлчид тодорлоо.
“Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлгээр “Жи интертайнмент” нэгдэл, “Өнөө өглөө” шууд нэвтрүүлгээр “Монгол HD” телевиз тус тус шилдэг бүтээлийн эзэд болов.
Цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын үндэсний өв соёлын дархлааг тогтооход чухал үүрэгтэй телевиз радиогийн бүтээл туурвигчдын дунд шагналын өндөр сантай энэхүү уралдааныг уламжлал болгон явуулахаар төлөвлөж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр мэдэгдлээ.